SaNaL BoDLoo uRaLDuuLaY

Monday, March 22, 2010

ЦАГ ХУГАЦААНЫ АЯЛАЛ /хоёрдугаар хэсэг/ /be SunHero/

Цаг хугацааны аялал

/хоёрдугаар хэсэг/

Тогтмол буюу Constant

Хагарна гэдгийг нь мэдсээр байж хүмүүс савангийн хөөсийг аль болох том үлээхийг хичээдэг.

Шопенгауэр

Амьдрал гэдэг сонин юм шүү. Нэг удаа би 115 км-н явган аялалд гарж байсан юм. хэхэ. Аялалын хамгийн эхний өдөр 2007 оны 8-р сарын 23 миний амьдралын хамгийн хүнд өдрүүдийн нэг байсан. Өглөөний 6 цагаас эхлэсэн явган аялал оройн 19 цаг хүртэл үргэлжилсэнсэн. Салхи ойролцоогоор 16-18 м/с байсан байх. Агаарын хэм навс унаж бараг 5 градуст хүрсэн нь 8-р сард баймгүй цаг агаар. Бороо шороо цас холилдсон таагүй уур амьсгалд голдоо ортол даарсан хэдэн хөвгүүд үзээгүйгээ үзэж билээ. Эрүү ам чичирч бие бүхэлдээ салганаж байсан. Үүрсэн хүнд цүнхээ дааж ядан байхдаа мөрөө мэдрэхээ байсан байлаа. Эхний өдрийн маршрут дуусахад бидний буудаллахаар төлөвлөсөн байсан өвөлжөө усанд автсан байсан учир бид сумын төв хүртэл ахиад 10 гаруй км алхах хэрэгтэй болсон. Туйлдаа хүрсэн хэдэн хөвгүүд ахиад алхана гэдэг сэтгэлд ер багтахгүй байсан ч бидэнд өөр сонголт байсангүй. Тэр үед миний толгойд яг энэ мөчийг урагшлуулаад маргаашруу оччих юмсан гэсэн бодол төрж бил ээ. Тэгээд аялалын туршид нээрээ яагаад болохгүй гэж гэсэн бодол толгойноос салсангүй. Ингээд л цаг хугацааны аялалын бяцхан хувийн судалгаагаа эхэлсэн юм даа.

Хэрэв танд цаг хугацааны аялалын талаар эхний нийтлэл таалагдсан бол үргэлжлэл болох энэхүү нийтлэл нь эхний нийтлэл дээр тусагдсан нээлттэй асуултуудын зарим нэгэн хариултыг өгч чадах байх гэж найдаж байна.

Амьдрал тогтмол юм бол тэр нь цаанаасаа зохион байгуулалттай зүйл байж таарна. Тэгвэл тэр бүхнийг хэн зохион байгуулдаг юм бол?

Эхлээд тогтмол гэдэг ойлголтын талаар ярилцья. Бид математикт тогтмол хэмжигдэхүүнүүдийн тухай ярьдаг. Тогтмол хэмжигдэхүүний мөн чанар нь энэ хэзээ ч хувьсахгүйд оршино. Зарим хүмүүс хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг. Хувь тавилан бол тогтмол хэмжигдэхүүний том жишээ юм. хувь тавилан бол цаанаасаа заяагдсан зүйл буюу хэзээ ч хувьсахгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тогтмол шинж чанарыг агуулдаг учраас хэрэв хувь тавилан гэж үнэхээр байдаг бол тэр нь тогтмол хэмжигдэхүүн буюу амьдрал өөрөө тогтмол хэмжигдэхүүн юм байна.

Бидний амьдралд байж боломгүй мэт давхцлууд үе үе гардаг. Итгэмээргүй гэхдээ үнэн давхцлуудын талаар та өмнө нь сонсож байсан байх. Энэхүү давхцлыг Профессор Янг гэдэг хүн судлаад Синхрон үзэгдэл гэдэг нэр томъёог гаргаж ирсэн

Синхрон гэж нэрлэгдэх энэхүү учир битүүлэг үзэгдэл хувь тавилан байдаг буюу амьдрал тогтмол юм гэдгийг батлаад байх шиг. Одоо бүх зүйлийг тун энгийнээр ойлгомжтой тайлбарлах гээд үзье.

Америкийн Нэгдсэн Улсын түүхэнд хамгийн алдартай хоёр ерөнхийлөгчид тохиолдсон синхрон үзэгдлийн нэгэн жишээ. Авраам Линкольн 16 дахь ерөнхийлөгч, мөн Жон Кеннеди 35 дахь ерөнхийлөгч. Тэд хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хүний амиа алдсаны дараа тухай бүрт нь Жонсон овогтой хүн ерөнхийлөгч болж байсан. Энэ бүхэн зүгээр нэг тохиолдол байж болох л юм. Тэгвэл бас нэг сонирхолтой жишээ татъя. 1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усан онгоц осолдож, живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Хамгийн сонин нь энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарч, бүгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байдаг. Бидний амьдралд үгээр хэлж тайлбарлахад бэрх хачин давхцал, тохиолдлууд олон гардаг. Энэ тохиолдлын үзэгдлийг синхрон гэж нэрлэдэг юм байна. Яагаад ийм зүйл болдог юм бол?

Синхрон үзэгдэл яагаад болдог вэ гэдэг асуултын хариулт нь бидний гол зорилго болох цаг хугацааны аялалтай холбогдоно. Яагаад синхрон үзэгдэл болдог тэр шалтгаан нь хувь тавилантай холбоотой байж болох юм. Тийм зүйл заавал болох ёстой учраас болдог буюу бидний амьдрал өөрөө тогтмол хэмжигдэхүүн юм. яаж ч хичээгээд та эдгээр тохиолдлуудыг өөрчилж чадахгүй. Энэ нь тогтмол хэмжигдэхүүн учраас тэр. Тэгвэл бидний амьдралыг эхнээс нь дуустал хэн нэгэн эсвэл ямар нэгэн хүчин зүйлс алсаас зохиогоод программчилчихсан байдаг юм болов уу? Хүн, амьтан, ертөнц бүхэлдээ яг тэр хувь тавилангийн дагуу явдаг байж болох юм.

Хувь тавилан гэдэг зүйл үнэхээр байдаг тухайг батлах зарим нэгэн туршилтыг бас хүмүүс хийдэг байсан байна. Эрдэмтэд хэсэг нян микроб бүхий дээж дээр туршилт хийж үзсэн байна. Микроскопоор тухайн нян микробын олонлогийг ажиглах явцдаа нэгэн үзүүртэй биетээр хатгаж үзэв. Хатгалтын дараагаар нянгууд бүгд эмх замбараагүй хөдөлгөөнд оржээ. Тэр хөдөлгөөнийг нь камераар бичиж аваад хэсэг хугацаа өнгөрсний дараагаар ахин нэг хатгаж үзжээ. Нянгууд мөн л эмх замбараагүй хөдөлгөөнд орсон байна. Туршилтын үр дүн нь их сонирхолтой. Хоёр удаагийн хатгалтын бичлэгийг харьцуулан үзэхэд нянгууд эмх замбараагүй хөдөлгөөн хийдэггүй нь тогтоогтсон байна. 2 бичлэг дээрх нянгуудын хөдөлгөөн яг ижил байжээ. Нянгуудыг та яаж ч оролдож хөдөлгөсөн байлаа тэр үйлдлээ дахин давтан хийх юм бол нянгууд яг өмнөх дарааллаараа хөдөлдөг байна. Энэ нь хувь тавилан гэдэг зүйл үнэхээр байдаг юм биш үү гэсэн таамаглалыг улам хүчтэй төрүүлж байгаа юм л даа. Хүмүүс бид яг л эдгээр нянгуудтай адил. Бид сонголтыг эмх замбараагүй өөрсдийн хүслээрээ сонгодог гэж боддог боловч бидэнд ямар нэг гадны үйлдэл ирэхэд түүнд нь үзүүлэх хариу үйлдэл нь санаандгүй байдлаар бус яг л нянгийн хөдөлгөөн мэт нарийн дараалаар давтагддаг. Тэрхүү үйл хөдлөл гаднаасаа дэндүү замбараагүй мэт харагддаг учраас та бид үүнийг анзаардаггүй болов уу. Авраам Линкольн Жон Кеннеди нар шиг хүн бүхэнд синхрон үзэгдэл тохиолддог бөгөөд энэ нь бидний хувь тавилантай холбоотой. Гагцхүү бид түүнийгээ мэддэггүй мэдэрдэггүй.

Яг одоо энэ мөчид хамгийн чухал нэгэн асуултын хариултыг хамтдаа олох гээд үзье. Энэ асуулт дэндүү энгийн байж болох л юм. Why are you here? Яагаад та энд байгаа юм бэ? Хүн бүр өөр өөрийнхөөрөө хариулна. Гэхдээ та өнөөдрийг хүртэлх амьдралынхаа замналыг эргэн нэг хараад үздээ. Таны дэргэд байгаа орчин тойрон, сургууль, хамт олон, найз нөхөд энэ бүхнийг та өөрийнхөө сонголтоор бий болгосон. Хэрэв та тэр нэг өдөр тийм нэгэн сонголт хийгээгүй байсан бол одоо та огт өөр газар огт өөр зүйл хийгээд явж байх байсан. Хүн бүрт ийм алдагдсан боломжийн өртөг гэж эдийн засгийн хэллэгээр нэрлэмээр өртөг байдаг. Цаг минут хором бүрт та сая сая сонголтуудаас зөвхөн ганцыг нь хийж байдаг. та өнөөдрийн энэ түвшинд хүрэхийн тулд олон сая сонголтуудыг хийсэн байгаа. Нэг нь л үгүй бол таны амьдрал огт өөр байна. Бүх сонголтууд жижигхэн сонголтууд хүртэл нарийн дарааллын дагуу хийгдсэн учраас үр дүнд та энд байна. Тэгэхээр амьдрал тогтмол байж магадгүй юм гэсэн нэгэн санааг та бүхэнд хүргэхийг зорьлоо.

Бидний тогтмол амьдралыг тэгвэл хэн удирддаг юм бол? Үүний хариултыг олохын тулд та ертөнц анх үүссэн их тэсрэлтийн үеэс судалгаагаа эхэлбэл зүйтэй байх. Учир нь тэр үеэс л энэ бүхэн эхэлсэн. Орчлон ертөнц анх нэгэн бүхэл байжээ. Тэгээд нэг өдөр тэр аварга бөмбөрцөг маань тэсэрсэн байх нь л дээ. Тэр тэсэрсэн бөмбөрцийн ширхэг бүр нь од гариг эрхэс галактик болж хуваагдсан байна. Галактикууд бүгд хөдөлгөөнд оршино. Тэртээ хол байгаа зүйлийг бид хараад цаашилж эсвэл наашилж байгааг мэдэх боломжгүй. Ингээд эрдэмтэд нэгэн тусгай туяаны тусламжтайгаар хол байгаа биеийн хөдөлгөөнийг тогтоодог багаж бүтээжээ. Тэр нь улаан туяа гаргавал ойртож, хөх туяа гаргавал холдож байна гэж ойлгодог байна. Харин огторгуйд орших галактикууд хөх туяа цацруулж байжээ. Энэ нь их тэсрэлтийн хүч одоо болтол сарниагүй байгаа бөгөөд бие биеэсээ улам бүр холдсоор байгааг илтгэнэ. Орчлон ертөнц хаяагаа тэлж байна. Орчлон ертөнц тэлэгдэхийн хирээр ертөнцийн нууц тэлэгдэн буй. Цаг хугацаа ч бас хэзээ нэгэн цагт өөрийн нууцыг дэлгэх өдөр ирнэ гэсэн итгэлээр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.

Бид тогтмол хэмжигдэхүүнээс гадна хувьсах хэмжигдэхүүний талаар мөн судлах болно. Энэ 2 ойлголт хоорондоо эсрэг тэсрэг учир бие биеэ үгүйсгэсэн дүгнэлтүүд гарна. Уншигч та өөрөө алин зөв буруу болохыг тунгаана биз. Дараагийн нийтлэл Хувьсах хэмжигдэхүүн буюу Variable гэсэн сэдэвтэй байх болно.

За тэгээд алтан цагаасаа тодорхой хэмжээг зарцуулан миний нийтлэлийг уншсан эрхэм уншигч танд баярлалаа. Бидний эргэн тойронд гайхамшиг хүрээлэн байна. Таны хийх зүйл бол тэднийг олж харах. Амьдралд гайхамшиг олон тохиолддог яагад гэвэл амьдрал өөрөө гайхамшиг юм.

Дараагийн гарах нийтлэлүүд:

* Цаг хугацааны аялал 3-р хэсэг Хувьсагч /Variable/ Хүн өөрөө хувьсах хэмжигдэхүүн байж болох юм. амьдрал хувьсагч юм бол тэр нь.... De Ja Woo
* Цаг хугацааны аялал 4-р хэсэг. Дэлхий дээрх учир битүүлэг газрууд 1. Бермудын гурвалжин цаг хугацааны аялалын хаалга байж болох юм.
* Цаг хугацааны аялал 5-р хэсэг. Дэлхий дээрх учир битүүлэг газрууд 2. Үхлийн хөндий ба шинэ амьдрал
* Цаг хугацааны аялал 6-р хэсэг. Хар нүх
* Цаг хугацааны аялал 7-р хэсэг. ???????????????????????
* Цаг хугацааны аялал 8-р хэсэг CATCH 22!

нийтлэл тус бүр долоо хоног бүрийн Даваа гаригт тавигдана.

No comments:

Post a Comment